+35 : Бүсгүйчүүдийн “намбагүй” үйлдлүүд

 

Хоол хийхээс залхуурсандаа бэлэн гоймон авч иддэг “нас” аль эрт өнгөрсөн шүү, хонгор минь.

Гучин нас хүрэхдээ амар тайван амьдрахад шаардлагатай бүхнийг цогцлоочихсон байна гэж өөртөө хэлдэг байсан ч, өдийг хүртэл хувь тавилан нэг л санаснаар чинь болсонгүй юу? Зүгээр дээ, гуч гарлаа гээд заавал бүх юмны учрыг олсон байх албагүй, амьдрал гэдэг аялал урт, алхам бүрээрээ урагшилж л байгаа шүү дээ. Гэхдээ тийм байлаа ч дараах хэдэн “намбагүй” үйлдлийг лав хийхээ больсон нь дээр. Тэгж байж л чи ухрах биш урагшлах замаар явж байна гэсэн үг. Дараах 20-тнуудын гаргадаг үйлдлийг одоог хүртэл хийсээр л яваа 30-тангууд санаснаас ч олон байдаг нь гайхмаар.

 

1. Юм бүхэнд уучлал гуйх

Мэдээж замаа харалгүй явж байгаад хүн мөргөсөн бол, өрөөлийн яриаг дундуур нь тасалж байгаа бол уучлал гуйх нь зүйн хэрэг. Гэхдээ чиний үгийг хэн нэгэн тасалсны дараа үргэлжлүүлэн ярихдаа уучлал гуйх, таксинд чиний дараа ирж зогссон хүнээс өрсөж суухдаа уучлал гуйх, ганцхан үлдсэн цамцыг бусдаас түрүүлж авахдаа уучлал гуйх, өөр хүн лифтэнд амжиж суухын тулд чамайг түлхээд гүйж байхад “Өө, уучлаарай” гэж амандаа хэлэх зэргийг болих хэрэгтэй. Өөрийн буруутай үйлдлээс болоогүй ч, бусдын тав тухыг алдагдуулсан үйлдэл хийхдээ гэмшдэг ёсорхуу залуу бүсгүйн зуршил чинь одоог хүртэл хэвээрээ юм биш биз?

 

 

2. Хуурамчаар дур тавих

Хэрвээ чи хэн нэгний сэтгэлийг бодсондоо очих газрынх нь чиглэлийг буруу зааж өгөөд байвал тэр хэзээ ч хүссэн цэгтээ хүрч чадахгүй. Тэгээд л чи бас чиний дур тавилт насан туршдаа өнөөх хархүүг хүлээсээр “зогсох” болно. Сексийг өөрийнхөө хувьд дандаа ашиггүй наймаа болгохоо боль.

 

 

3. Аав ээжтэйгээ уулзах болгондоо “өсвөр насны зөрүүд охин” болж хувирах

Эцэг эхтэйгээ муудалцсандаа уйлаад эсвэл хамаг юмаа хамаад, хаалга саваад гарч явж байгаа 30 гаруй насны эмэгтэй ямар харагдах вэ? “Насанд хүрнэ” гэдэг бол бусдын өөрөөсөө өөр чанаруудыг хүлээн зөвшөөрч, зарим нэг зүйлийг асуудал болголгүй чимээгүй өнгөрүүлж, дотны хүмүүсээ байгаагаар нь хайрлаж, арга эвийг нь олж сурахын нэр юм.

 

 

4. Магтаалыг хүлээж авахын оронд түүнээс татгалзах

Хэрвээ хэн нэгэн чамайг хийсэн гавьяаны чинь төлөө шагнавал чи түүнээс татгалзана гэж үү? Магтаал бол сэтгэлийн шагнал мөн. Тиймээс “Үгүй ээ” гэж толгой сэгсэрч ирээд л тэдний бурууг батлах гэж бөөн юм ярихын оронд зүгээр л талархан хүлээж авч яагаад болохгүй гэж? Чи тэгж магтагдахаар хэмжээнд амжилт үзүүлж, гавьяа байгуулж, биеэ авч явсан гэсэн үг. Энэ бол 30 гарсан эмэгтэйн заавал суралцсан байх ёстой өөрийгөө өндөрт үнэлэх чадвар мөн.

 

 

5. Таарамжгүй нэгэнтэй хийсэн болзоогоо дуустал нь тэвчих

Эвгүй сэтгэгдэл төрүүлэх байх гээд өөртөө таалагдахгүй байгаа хүнд үнэт цагаа зарцуулах шаардлагагүй. Эелдгээр “Баярлалаа, бид хоёр хоорондоо тохирохгүй бололтой” гэж хэлээд гэртээ харихад л болно. Бас түүнд заавал сайхан сэтгэгдэл үлдээх гэж хичээх шаардлагагүй.

 

 

6. Ганц бие амьдралдаа гутрах

Хүн төрөлхтөн үүсээд хэдэн жил өнгөрч байгаа билээ дээ? 30 гаруй насандаа ганц бие байна гэдэг ичмээр зүйл байхаа аль хэдийнэ больсон. Насаараа ганцаараа явах юм шиг аяглаж, хүнтэй танилцахаар улайрч, таарамжгүй байгаа хүнтэйгээ ч зохицох гэж хичээн, ганц бие амьдралдаа шаналах хэрэггүй. Энэ бол 19 настай охиныг найзууд нь “Чи одоо хүртэл хүнтэй унтаагүй юм уу?” гэж асууснаас болоод хэнтэй ч хамаагүй дотно харилцаанд орохоор яарахтай л адил үйлдэл. Чамд ахиад зөндөө цаг хугацаа байна, амьдрал жамаараа л өнгөрөх болно. Гол нь ээж болохдоо бэлдэхийн тулд биеэ л сайн тордож байхад хангалттай.

 

 

7. Дэлгүүрийн худалдагч “моодонд орж байгаа” гэж хэлснээс болоод өмсөхгүй хувцсаа авах

35 нас бол өөрийн хэв маягаа аль хэдийнэ тодорхойлж, түүндээ зориулан хувцаслаад сурчихсан байх нас. Бас хэн нэгний ятгалганд амархан орж, хэрэггүй зүйлдээ мөнгөө үрэхээ ч больчихсон байх нас шүү. “Манай найз авчихсан байсан болохоор доор нь орохгүйн тулд авсан юм”, “Худалдагч нь магтаад байхаар яаж ч чадаагүй”, “Зөндөө олон юм өмсөөд үзчихсэн болохоор санаа зовоод” гэх мэтчилэн шалтгаанууд бүгд утгагүй бөгөөд шийдэмгий бус сонсогдож байна.

 

 

8. Бие галбираа үзэн ядах

Одоо болно шүү дээ. Өчнөөн л олон жил эхээс заяасан энэ сайхан бие галбираа өөнтөглөсөөр ирлээ. 35 нас хүрчихсэн юм чинь чамтай насан туршид хамт байсан биеэ хайрлан халамжилж, унаган сул талуудыг нь үл тоон, өөрөө өөртөө тав тухтай амьдрах цаг ирсэн.

 

 

9. Тэгсэн хэрнээ дасгал хийх, эрүүл хооллохоос залхуурах

Хоол хийхээсээ залхуурсандаа байн байн бэлэн гоймон авч идэх, пицца тахиа захиалах нь хориод насныханд л тохирох зүйл. Энэ насанд харин хялбархан аргаар эрүүл, шим тэжээлтэй, амттай хоолыг хийгээд аль хэдийнэ сурчихсан байх хэрэгтэй.

 

 

10. “Хэзээ нэг цагт аялалаар явна аа” гэж ярьсаар л байх

Нас явах тусам л аялалаар явахад илүү хүндрэлтэй болох болно. Тиймээс аялалаар явахыг зөвхөн мөрөөдөл, яриа төдий хадгалсаар байхын оронд одоо шаардлагатай санхүү, зоригийг гаргаж яваад ирсэн нь дээр. Чамд боломж байж л таараа.

 

 

11. “Хааяа нэг” тамхи татах

“Шоудахаараа л”, “Хааяа л” гэсэн нэрийдлээр тамхийг амьдралынхаа нэг хэсэг болгосоор байгаа юм биш биз? Тамхи чиний хувьд “жаахан охин байхдаа хэсэгхэн хугацаанд сонирхоод хаясан зүйлс” эсвэл “хэзээ ч туршихгүй, турших шаардлагагүй зүйлс”-ийн эгнээнд л байвал таарна. Харин одоо чи жаахан охин биш шүү дээ. Уушгийг гэмтээнэ, эргэн тойрныхныг чинь хордуулна, арьсыг хөгшрүүлнэ, шүдийг шарлуулна... өөрийгөө хуурах, зөвтгөх нэг ч болов эрүүл “шалтаг” үүнд байхгүй.

 

 

12. Хөгжилдөхийн тулд согтууруулах ундаа хэрэглэх

“Цагийг сайхан өнгөрүүлэх” “Архи” хоёрыг заавал хамт байх ёстой мэт, аль нэг нь л байхгүй бол утгагүй мэт санахыг мөн л “намбагүй” үйлдэлд тооцож байна. “Тасарч унатлаа явах” гэдэг ч бас энэ насанд байх ёсгүй зүйл. Хэмжээгээ мэддэг, эрүүл үедээ ч цагийг хүссэнээрээ хөгжилтэй өнгөрүүлж чаддаг, хүсээгүй хундаганаасаа татгалзаж чаддаг, нэгэнт цугласных гээд заавал хүчлэх гэдэггүй зан чанар чамд аль хэдийнэ суусан байх хэрэгтэй шүү.

 

 

13. Ажил хэргийн уулзалтын үед “ардуур чимээгүйхэн суух”

Хурал, уулзалтын үеэр “Намайг битгий дуудаасай” гэсэн мэт ар хавиар чимээгүйхэн суух нь их сургуулиа төгсөөд удаагүй шинэхэн ажилтны л хийх зүйл мөн. Хүмүүсийн өмнө үг хэлэх, ямарваа зүйлд идэвхтэй оролцож өөрийнхөө байр суурийг илэрхийлэх, шинэ санал санаачлага дэвшүүлэн ажилдаа эзэн нь байх ур чадвар бол 35 настнуудын “аяны богц”-нд заавал байх зүйлсийн нэг.

 

 

14. Амьдралыг чинь баялаг болгодоггүй найзуудтайгаа холбоогоо тасалж чадаагүй л байх

Чамайг “магтангаа муулдаг”, үргэлж давуу талыг чинь ашиглах гэж оролддог, ямар нэг зүйлд уруу татдаг, эсвэл зүгээр л таарч тохирч өгдөггүй, дэргэд нь байхаар тух алдан ямар нэг зүйлийг чинь аваад явчих шиг сэтгэгдэл төрүүлдэг найзуудаасаа 30 нас гэхэд аль хэдийнэ “зам салсан” байх учиртай. Энэ насанд ихэвчлэн найзууд гэдэг гарын таван хуруу шиг шигшигдэж үлдсэн байдаг. Хэрвээ тэгээгүй байвал “үг хаях” зэргийг нь үл тоон, тэднээс бүх талаараа зайгаа барьж чамд аз жаргал бэлэглэдэг хүмүүстээ л үнэт цагаа зориулаарай.

 

 

15. Бөөрөнхий утгаар ярих

Шулуухан, өөрийнхөөрөө, хэлэх гэсэн юмаа бөөрөнхийлж цаг алдалгүй шууд хэлчихдэг чанар 35 настай бүсгүйчүүдийг чимдэг. Эвгүй байдалд орох, бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлэхээс айж, үгээ зөөж ядах, дүр эсгэх, бусдын хэлснийг дуугүй зөвшөөрөх зэрэг нь учраа олоогүй 20-той бүсгүйчүүдийн л хийдэг зүйл юм.

35-тай бүсгүйчүүд ээ, амьдралыг яг өөрийнхөөрөө нүүр бардам туулах цаг ирлээ!