Нэг л хэвийн амьдралаа яаж өөрчлөх вэ

 

Дараа дараагийн сайхан боломж гарч ирсэн ч, нэг газраа  байгаад байгаа юм шиг санагддаг уу? Мөрөөдөлдөө хүрэх арга замаа мэдэхгүй, гацаанд орчихсон бол санаа зоволтгүй. Улс орны эдийн засгийн хямралаас болоод ингэж санагдаж байж магадгүй. Хэдийгээр эдийн засаг сайжирч байгаа ч гэсэн, үйл явц нь удаан байж болно. Ажилгүйдэл их, санхүүгийн тогтворгүй байдалтай энэ цаг үед ажилдаа сэтгэл ханамжгүй мөртлөө гарч чадахгүй байх нь хэвийн л асуудал.

Нэг газраа удаан гацна гэдэг орчин үед сонголт хэт их байгаагаас үүдэлтэй  гэнэ. Энэ үед чи яг юу хийхийг хүсэж байгаагаа тодорхойлж чаддаггүй. Тодруулж хэлбэл өөрийгөө тодорхойлоход төвөгтэй байдаг. Өргөн сонголт чамайг зогсоож чадахгүй бол төгс төгөлдөрт хүрэх тэмүүлэл эргэлзээ төрүүлэх нь мэдээж. Сонголт хийж сурахад чинь дараах алхмууд тусална.

 

 

1. Дуртай зүйлийнхээ жагсаалтыг гарга

Дараагийн таван жилд тавьсан зорилгодоо хүрэхийн тулд хийх ёстой алхам бүрээ нэг бүрчлэн жагсаа гэж шаардахгүй л дээ. Үүнд санаа зовоод хэрэггүй. “Долоо хоногт хийж гүйцэтгэх “хийх-дуртай-зүйлс” гэсэн жагсаалт гарга. Төстэй зүйлс давтагдаж байна уу, сайн анзаарч хараарай.” Жишээлбэл, уран бүтээл туурвих тал нь давамгайлж байвал чи зохион бүтээх, шинийг сэдэх дуртай гэсэн үг. Үүнд загвар зохиох, зураг зурах зэрэг орно.Чамайг догдлуулаад байгаа тэр хүсэл эрмэлзлээ чи удахгүй таних болно.

Дараа нь атаархалдаа анхаарал хандуул. Хэн нэгэнд атаархаж байгаа бол яг юу атаархлыг чинь төрүүлэх болов гэдгийг олохыг хичээ. Хамт ажиллаж байсан найз чинь гэрээсээ бизнес хийгээд эхэлчихсэн байхад харин чи одоо болтол оффис дотроо хүний боол болж байгаадаа дургүй чинь хүрч байна уу? Найз залуутайгаа умгар өрөө хөлсөлж амьдарч байхад найз чинь тансаг байрандаа цайллага хийж байгаа нь атаархлыг чинь төрүүлж байна уу? Атаархал чинь чиний жинхэнэ хүсэл тэмүүллийн талаар их зүйлийг илэрхийлж байдаг.

“Хэрвээ ?” гэдэг асуулт бас мөрөөдлөө тодорхойлоход чинь тусалдаг. Ямар нэгэн мөрөөдлийнхөө тухай нэгэн зүйлийг хүсэхэд бүтэлгүйтлийн бодол бидэнд байнга садаа болж байдаг. “Бүтэлгүйтэл ямар ч хамаагүй байсан бол амьдралаа өөрчлөхийн тулд би юу хийх байсан бэ” гэж өөрөөсөө асуу. Нягтлан бодогчийн ажлаа хаяад хуульчийн ажилд орвол яах бол? Эсвэл 10 км-ийн гүйлтэд орвол? Санаанд чинь орсон бүхэн чиний эцсийн зорилго болно.

 

Өөр нэг арга бол замын түгжрэлд орох эсвэл хурлын үеэр уйтгарлан юм бодон суух. Энэ үедээ юу бодож байгаагаа сайтар анзаарахад гэмгүй шүү.

 

 

2. Биелүүлж болмоор төлөвлөгөө гарга

Юу хиймээр байгаагаа тодорхойлсон бол одоо мөрөөдөлдөө яаж хүрэх вэ гэдгээ зурагла. Гэхдээ бага багаар хийхийг зөвлөж байна. Замд гарахаас ч эхэлж болно шүү дээ. Өмнө очиж байгаагүй газар руугаа хэд хоногоор яв. Нэгэн хэвийн байдлаасаа гарах нь чамайг эрч хүчээр сэлбэж өгдөг. Байнга байдаг орчноо солихоор, хүн шинэ зүйлийг хийх урмаар тэтгэгддэг. Нийгмийн хүрээгээ тэлэхэд мөн адил шинэ санаа, боломж төрдөг. Танилын хүрээгээ тэлэх боломж ихтэй ямар л цуглаан, party болно, заавал очоорой. Чамд үлгэр дууриал болох, эсвэл хамтран ажиллах хүн чинь байхыг үгүйсгэх аргагүй.Өөрөөсөө илүү карьертай яваа найзыгаа кофенд урингаа хэрхэн амжилтад хүрсэн талаар нь асууж болно шүү дээ. Ингэснээрээ чи тухайн салбарынхаа хүмүүстэй танилцаж, шинэ боломжуудын талаар ярилцах боломжтой болно. Санаа бодол нэгтэй хүмүүстэйгээ нэг дор байхад тэдний хүсэл эрмэлзэл чамд эерэгээр нөлөөлнө.

Сүүлд нь хэлэхэд, зорилгодоо хүрэхийн тулд хийх боломжтой алхмуудаа нэг нэгээр нь жагсаа. Жагсаалтнд орсон алхам бүрээ хийх албагүй л дээ гэсэн ч. Ингэж тодорхой бичсэнээ эргэн уншихад сэтгэл сэргээд, цаанаа л нэг өөр байдаг шүү.

 

 

3. Төлөвлөгөө чинь нурах үед

Хүсэл мөрөөдөл бүхэн эрсдэл дагуулдаг. Улаан нүүрээрээ унасан ч гэсэн тэр уналтад сайн тал байж л байгаа.

 

  • Алдаанаасаа суралцана. Бүтэлгүйтэл муухай санагддаг ч гэсэн сурах үйл явцыг түргэсгэдэг. Жишээ нь, том төсөл авч, цагт нь өгч чадаагүй бол чи дараагийн удаа цагаа сайн төлөвлөж сурах нь ойлгомжтой.
  • Бүтэлгүйтнэ гэдэг сонсогдож байгаа шигээ тийм ч аймаар биш.Бүх амьдрал чинь нурж байна гэсэн үг биш шүү дээ.. Тэгээд дараагийн удаа одоогийнхоос илүү сэтгэлийн бэлтгэлтэй болно.
  • Чиний бодол санааг чинь өөрчилнө. Санаа, боломжуудыг сайтар тунгааж бодоод ирэхээр аяндаа чамд тохирох хамгийн сайхан боломжууд өөрсдөө нээгддэг.
  • Бүтэлгүйтсэний дараа амжилтад хүрэх нь хамгаас урамтай байдаг. Амархан амжилтад хүрснээс хөлсөө урсгаж байж хүрсэн амжилт хамаагүй амттай. Ямар их айдас, бэрхшээлийг даван туулж байж амжилтад хүрсэнээ бодоход сайхан шүү дээ. Энэ амжилт чамд эрч хүч бэлэглэх болно.